Main » 2010 » 4-р сар » 30 » Реал Мадрид буюу “оддын оршуулгын газар”
10:05 PM
Реал Мадрид буюу “оддын оршуулгын газар”
Хорьдугаар зууны шилдэг клүб,Аваргуудын лигийн 9 удаагийн аварга,Испанийн Ла-Лигийн 31 удаагийн аварга,Тив хоорондын цомын 3 удаагийн аварга... гээд дурдаад байвал Испанийн Эзэн Хааны клүб Реал Мадридын цол гуншинг дуудаад дуусахгүй биз. Тоглогчдынх нь хувийн ур чадвараар нь дүгнэж үзвэл өнөөдөр дэлхийн хамгийн шилдэг клүб бол маргаангүй Реал. Магадгүй талбайн гадна байхад тоглогчийн нэр багийн нэрнээс илүү чухал байх.Гэвч талбай дээр,тоглолт дээр цамцны ард байдаг нэрнээс цамцны урд талд байдаг багийн нэр илүү чухал.Талбай дээр гарсан 11 тоглогч бүгд нэг санаа,нэг хүсэл,нэг биетэй мэт байж ганцаараа биш багаараа тоглодог.Гэвч өнөөдрийн Реал яг л "шуудайд хийсэн үхрийн эвэр шиг” тоглолттой, талбай дээрх тоглогчид нь өөрийн юу дуртайгаа хийж байна,тэдэнд бол багийн нэрнээс илүү өөрсдийнх нэр чухал байгаа.
Хэдийгээр Реал жижиг багуудыг "залгиж” байгааг харахад Реалыг "аймар” байна гэж болохоор юм.Гэвч энэ улиралд тэд "том” гэж хэлж болох багуудтай хийсэн бүх тоглолтод хожигджээ. Бодоод үзье, Милантай хоёр тоглосон-хоёр хожигдсон, Барса-тай хоёр тоглосон-хоёр хожигдсон,Лионтой хоёр тоглосон-нэг тэнцэж,нэг хожигдсон.

Ялангуяа тэдний Барса-тай тоглосон хоёр дахь тоглолтыг эргэж харъя.Өнгөрсөн жил 6:2 хожигдсоныг тооцвол энэ жил 2:0 хожигдсон гэж бодвол сайжирсан мэт боловч Барса-тай хийсэн тоглолтод Реалынхан багийн тоглолт гэж юу байдгийг ойлгосон байх.Барсагийнхан Реалыг "уучлаарай” болгосон до.Мөн Лионтой хийсэн тоглолтыг эргэж харъя.Өнгөрсөн зуны солилцооны цонхоор тэд Лионы лидер Бенземаг өөрийн болгосон.Гэтэл Бензема аваргуудын лигийн хасагдах шатанд хуучин багийнхаа эсрэг тоглох болов.Харин тэр тоглолтод Лионыхон Бензематай Реалыг хөнгөхөн "тоншчихов”. Лионыхон баг гэж юу байдаг,хөлбөмбөгийг багаар тоглодог гэдгийг Реалынханд ойлгуулав.

Өнгөрсөн зун Реалын ерөнхийлөгчийн суудалд эргэж заларсан Ф.Перес хоёр дахь "Глактико”-г бий болгохоор зүтгэсэн.Тэр үүндээ ч хүрч чадсан. Өнгөн дээрээ "Галактико”-г байгуулсан мэт харагдаж байгаа боловч нэг доор цугласан "одууд” өдийг хүртэл "хөл гараа” ололцохгүй байна. Гэвч энэ байдал бидэнд нэгэнт дасал болжээ.Харин хэдий үеэс ийм байдал руу гулсаж оров?

Энэ бол 2003 он юм.2002-2003 оны улирлын Реалын тоглолтыг санаж байгаа бол та ,жинхэнэ Реал тийм л байдаг да гэж бодож байгаа байх.Тэр улиралд Реалынхан Аваргуудын лигийн аварга цолоо хамгаалж чадалгүй аваргуудын лигийн хагас шигшээгээс "мултарсан” ч Испанийн Ла-Лигад түрүүлж хүчтэй байгаагаа харуулсан.Харин үүний дараа юу болсон гэж санана? Тэр үед Реалын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ф.Пересийн шийдвэрээр Винсент Дель Боскег халах нь тэр. Реалийг аварга болгоод байхад яагаад халсан гэж? Реалийг дөрвөн жилийн дотор хоёр удаа Аваргуудын лигийн аварга болгоод байсан авьяаслаг дасгалжуулагчийг яагаад халав? Түүний оронд Фергюсоны туслах К.Кейрош ирэв. Шалтгаан нь тун инээдтэй.Наймааны цонх нээгдэхэд Эзэн хааны клүб Бекхэмийг Манчестер Ю-аас авах нь тодорхой болоод байсан ба тэгэхэд Сэр Алексын туслахаар ажиллаж байсан К.Кейрошийг "Фигу-Бекхэм хоёрыг хамгийн сайн мэддэг дасгалжуулагч учраас Фигу,Бекхэмийн байрлалыг давхардуулахгүй хоёуланг нь талбайд зэрэг гаргаж чадах дасгалжуулагч” гэж үзээд багийн ерөнхий дасгалжуулагчаар томилсон байдаг. Ф.Пересийн шийдвэрийг ухаж үзвэл бүхэл бүтэн багийг хоёрхон тоглогчийн эрх ашгийн төлөө золилсолжээ.

Тэр үедээ Бекхэмгүй байсан ч оддын цуглуулга байсан Реал тийм олон "том толгойтой” тоглогчидтой гэхэд үзээд баймаар дэндүү гоё багийн тоглолттой байсан. Харин Кейрош ирснээр хөлөө олоод байсан "од”-ууд хэлээ ч олохоо байсан.Энэ үеэс л Испанийн эзэн хааны клүб баг биш болж эхэлсэн.Бекхэм Реалд тоглосон 4 улиралд ганцхан цом авсан нь Реал буруу замаар будаа тээснийг харуулж байгаа юм.Боскег халсны дараагаас Реалын дасгалжуулагчид хагас жилд нэг удаа солигддог болов. Үүний үр дагавраар 20-р зууны шилдэг клүб 4 жилийн хугацаанд нэг ч цом аваагүй юм (!).

Энэ бүх бүтэлгүйтлийн үндэс суурийг тэр үед Реалд ирсэн Бекхэм ч биш,Кейрош ч биш,бусад тоглогч,дасгалжуулагчид ч биш гагцхүү Ф.Перес өөрөө л тавьсан. Мөн дээрх улирлаас хойш Реал "оддыг” булшилж эхэлсэн.Өмнө нь ч оддыг хорлодог байсан л да, гэхдээ энэ үеэс замбараагаа алдсан.Хамгийн наад захын жишээ "алтан жаал” Оуэн. Реалд ирснээсээ хойш хэзээ ч өмнөх шигээ тоглохоо байсан Оуэн одоог хүртэл бүтэлгүйтсэн хэвээр.Зөвхөн од тоглогчид ч биш Реалын хүүхдийн академиас төрөн гарсан маш олон авьяаслаг залуус клүбийн удирдлагын буруу бодлогын улмаас "зэвэрсэн”.

Ф.Перес од тоглогчдыг олноор авах нь өнгөн дээрээ сайн баг бүрдүүлж Реалын алдар гуншинг зузаалах зорилготой харагдаж байгаа боловч цаанаа бизнесийн ашиг сонирхол байгаа нь нууц биш.Өнгөрсөн зун тоглогч авахад 250 сая евро зарлагдсан тэд уг мөнгөө 2 сарын дотор л олсон байдаг.Хэрвээ Ф.Перес багаа баг шиг баг болгоё гэж бодож байгаа бол бизнесийн ашиг сонирхлоосоо жоохон ч гэсэн татгалзах хэрэгтэй. Хэдийгээр Реал сүүлийн гурван жилд хоёр удаа Ла-лигийн аварга болсон ч эргээд дэлхийн шилдэг баг болоход "баг шиг баг” байх л дутагдаад байна. Хэрвээ Боске шиг оддыг нэг баг болгож чаддаг авьяаслаг дасгалжуулагч Реалд ирээд "сүпер багийн тоглолт” үзүүлж эхэлбэл мөн гоё оо. Тэгвэл Реалын хөгжөөн дэмжигчдийн тоо өсөж ашиг орлого нь ч нэмэгдэнэ гэдгийг Ф.Перес мэдэж баймаар юм... Дараа дараагийн улирлуудад "жинхэнэ” Реал шиг Реалын тоглолтыг үзэж,жинхэнэ "эл классико” шиг эл классико үзэж "амныхаа цангааг” тайлах болтугай...
Category: Мэдээ, мэдээлэл | Views: 785 | Added by: Deluxe_Renno | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]